Дамжааны сургагч багш Хана Сэмэрадоватай хийсэн ярилцлага

Хана Сэмэрадова нь “Чех Улсад тавтай морилно уу” дасан зохицох интеграцчилалын дамжааг анх зохион явуулсан өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл сургагч багшаар ажиллаж байгаа юм. Тэрээр Устэцкий аймгийн гадаадын  иргэдийн дасан зохицох үйл явцыг дэмжих Төвийн нийгмийн ажилтан бөгөөд гадаадын ажилтнуудад зориулсан дамжаанд сургагч багшаар ажилладаг.
Hana Semeradova a Ojuna Presova
Шинээр ирж байгаа ажилтнуудад ямар төрлийн мэдээлэл хамгаас чухал байдаг вэ?

Чех компанид ажиллаж байгаа болон ерөөсөө Чех Улсын нутагт амьдарч байгаа  гадаад иргэд өөрийн эрх үүргээ сайтар мэдэж байх нь маш чухал. Дамжаанд оролцогсодоос харж байхад Чех Улсад ирээд нэлээдгүй хэдэн долоо хоног болсон хэдий ч Чех орны тухай, мөн өөрсдийн оршин суух зөвшөөрөл болон хийж байгаа ажлынхаа нөхцөл болзлын талаар ямар нэгэн ойлголтгүй байх нь элбэг тохиолддог.

Том компанид ажиллаж байгаа хүмүүсийн хувьд оршин суух зөвшөөрөлтөй холбоотой асуудлыг нь компанийн хүний нөөцийн мэргэжилтэн хөөцөлддөг тул нэг талаар харьцангуй амар байгаа л даа. Гэхдээ оршин суугаа хаяг өөрчлөгдөх, шинээр гадаад паспорт авах тохиолдолд  Дотоод хэргийн яамны Орогнол, шилжин суурьшилтын бодлогын газар буюу OAMP-д  өөрийн биеэр мэдэгдэх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Хөдөлмөр эрх зүйн хүрээнд эдлэх эрх, үүргээ мэдэж байх нь  юу юунаас илүү чухал. БНЧУ-д үйлчилж буй системийн талаар ирээд удаагүй байгаа хүмүүс ямар ч анхан шатны ойлголтгүй байдаг, харин гадаад иргэдийн дасан зохицох үйл явцыг дэмжих дамжаанд сууснаар энэ талын ойлголттой болдог. Ажил олгогчдын ажилттнууддаа өгөх нэмэлт цалин, урамшуулалын журам нь хоорондоо харилцан адилгүй. Ажилтны эрх ашгийг хамгаалах үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, 4 долоо хоногийн ээлжийн амралт, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ажилтан өвчний чөлөө авах, нийтээр амрах баярын өдрүүд, баярын өдрүүдээр ажилласан нэмэлт цалин, илүү цагаар ажилласан нэмэлт цалин гэх мэт хөдөлмөрийн хуулинд заасан зүйлийн талаар мэдээлэл өгөх нь зайлшгүй чухал гэж үздэг. Ээлжийн амралтаа бүтэн сараар авч нутаг руугаа, жишээ нь Монгол явах нь өөрт нь ашигтай болох талаар ч гадаад ажилтнуудад байнга анхааруулах шаардлага гардаг. Үүний зэрэгцээ зөвхөн өвдсөн үедээ өвчний чөлөө авахаас хувийн ажил хөөцөлдөхдаа өвчний чөлөөг ашиглах нь хууль зөрчсөн болох талаар ч тайлбарладаг. Үндсэн болон гарт очих цэвэр цалин, цалингаасаа төлж байгаа суутгал шимтгэлийн талаарх мэдээлэл нь манай дамжааны яах аргагүй чухал сэдвүүдийн нэг мөн. Дийлэнх ажилтнууд цалингаасаа юунд суутгал шимтгэл төлж байгаа, урамшуулал олгож байгаа журмыг ойлгохгүй байх нь элбэг.

Гадаад ажилтнууд өөр хаанаас мэдээлэл авч болох вэ?

Дамжаанд оролцогсодын дийлэнх нь хөдөлмөрийн хуулинд заасан эрх, үүргийнхээ талаар дамжаанд сууснаар анх удаа сонсож байна. Хөдөлмөрийн гэрээнээс төдийлөн тусгаагүй, ажилтнуудын дунд элдэв цуу яриа их гардаг тул дамжааны сургагч багш энэ бүгдийг засч залруулах нь олонтоо тохиолддог. Хамгийн гол нь тусламж хэрэгтэй болсон тохиолдолд төрийн бус байгууллага эсхүл интеграцчилалын төвийн  нийгмийн ажилтанд хандаж тусламж авах боломжтой гэдгийг ажилтан мэдэж авах нь хамгаас чухал. Ийм байгууллагууд нь гадаадын иргэдэд мэргэжлийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлдэг юм. Хэдийгээр гадаадын иргэд мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас авч байгаа ч албан сувгаар ирж буй мэдээлэл нь хамгийн найдвартай байдаг. Төрийн бус байгууллагаас гадаадын иргэдэд зориулсан чех хэлний дамжаа,  тэднийг БНЧУ-д интеграцчилагдахад дөхөм болох өөр бусад дамжаа, арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Дасан зохицох интеграцчилалын дамжааны хүрээнд ажил олгогч ямар үүрэг роль үзүүлж болох вэ?

Ажил олгогчийн зүгээс ажлын цагаар компанийн байрандаа дасан зохицох дамжаа зохион явуулах, чех хэлний дамжаа хичээллүүлэх зэрэг нь ажилтнуудынхаа дасан зохицох үйл явцыг дэмжиж буй хамгийн сайн хэлбэр юм.

Бид компанийн хүний нөөцийн мэргэжилтэн биш  “Чех Улсад тавтай морилно уу” дасан зохицох интеграцчилалын дамжааны сургагч багш болохоор дамжаанд оролцогсодод тэдний эрх үүргийг нь бүх талаас нь тайлбарлан таниулахыг хичээдэг. Компанийн ажилтнууд нь  мэдээллийг бүрэн бүтэн хүртээмжтэй байдлаар ялангуяа ажлаа солих боломжтой г.м. мэдээллийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй гэж нийгмийн ажилтны хувьд боддог. Гадаадын иргэн ажилтан нь эрүүл мэндийн шалтгаанаар уг ажлыг гүйцэтгэж чадахгүй  байх тохиолдолд ажлаа бүрмөсөн солих боломжтой талаар ажил олгогчийн зүгээс мэдэгдэх нь шударга ёсонд нийцнэ. Нөгөө талаас гадаадын иргэн ажилтан нь БНЧУ-д амьдарч байгаа гэдгээ ухамсарлаж нягт няхуур байх, цаг барих, чех соёл уламжлалд хүндэтгэлтэй хандах  нь зүйтэй.

Өөрийн чинь туршлагаас харж байхад чех компанид ажиллаж байгаа ажилтнуудад ямар төрлийн мэдээлэл хамгаас чухал байдаг вэ?

Ажилтан нь зөвхөн сайтар уншиж ойлгосон хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах ёстой. Ойлгохгүй тохиолдолд төрийн бус байгууллагын нийгмийн ажилтанд хандаж тусламж хүсэх боломжтой.

Ажилтан нь ажил олгогчийн өмнө хүлээсэн эрх, үүргийнхээ талаар маш тодорхой мэдэж байхаас гадна урамшуулал олгох журмын талаар ч асууж лавлах ёстой.

Ажилтан нь ажил олгогч компанийн урамшуулал олгох журамтай сайтар танилцах. Цалингийн цэс (лист) нь урамшуулал олгох журмын дагуу бичигддэг.

Гадаадын иргэн ажилтнууд олон нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа нь тэдэнд ихээхэн ашигтай тусч байгаа юм. Цөөн ажилтантай ажил олгогч ажилтнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулж шимтгэл төлж байгаа эсэхийг шалгаж байх нь зүйтэй. Эрүүл мэндийн даатгалын системийн талаарх мэдээллийг өөрсдөө эсхүл дасан зохицох интеграцчилалын дамжаанд сууснаар олж авна.

Ажилтны карт эзэмшигч нь ажлаа өрчлөх тохиолдолд оршин суух зөвшөөрлийг зохицуулж буй хуулийн дагуу 60 хоногийн хамгаалалд хамрагддаг. Ажилтан нь хуулинд заасан 60 хоногийн дотор амжиж дараагийн ажлаа олох эсхүл оршин суух зорилгоо өөрчлөх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд амжаагүй тохиолдолд Дотоод хэргийн яамнаас оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.

Төгсгөлд нь асуухад дамжааны үр өгөөжийг сургагч багшийн хувьд хэрхэн үнэлж байна вэ?

Дасан зохицох интеграцчилалын дамжааны үр өгөөж маш их гэж би хувьдаа үздэг. Ажил олгогчийн зүгээс зохион байгуулж байгаа, дээрээс нь заавал оролцох ёстой гэхээр дамжаанд ирж байгаа хүмүүс итгэж ядсан байдлаар ханддаг л даа. Харин дамжаа дуусахад чухал мэдээлэл олж авсандаа олзуурхаж, зарим найз нөхөд нь өөрсдөөс нь өмнө БНЧУ-д ирсэн хэдий ч энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэх нь тааралддаг.

Миний хувьд дамжааны сургагч багш хийснээр олон талын мэдлэг, туршлагатай болсон болсон гэж боддог. Удаан хугацааны туршид хуримтлуусан мэдлэг, туршлагаасаа бусадтай хуваалцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хэрэгтэй мэдээллээ олж аваад баярлаж байгаа хүмүүсийг харах нь надад хамгийн том шагнал юм даа.