Та Чех улсад тавтай морилно уу! Таньж мэдэхгүй улс оронд бүхнийг шинээр эхэлнэ гэдэг мэдээж амаргүй даваа.Эдгээр вэб хуудас нь шинэ газарт ирээд удаагүй байгаа хэнд ч болов тохиолдож болох саад бэрхшээлийг хэрхэн давж гарах талаар чухал мэдээлэл агуулсан байдаг юм. БНЧУ-ын Дотоод хэргийн яамнаас санхүүждэг энэхүү албан ёсны дасан зохицох интеграцчилалын дамжаа Та бүхэнд энэ тал дээр туслах болно. Үнэ төлбөргүй энэхүү дамжаанд Чех улсад ирээд удаагүй байгаа хүн бүхэн хамрагдах боломжтойгоос гадна шинээр ирэгсэдэд дасан зохицож интеграцчилагдахад нь туслах эхний алхам гэж хэлж болно.

ДАСАН ЗОХИЦОХ ИНТЕГРАЦЧИЛАЛЫН ДАМЖАА ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Уг дамжаанд хамрагдсанаар Чех улсад удаан хугацаагаар амьдрах хүсэлтэй гадаадын иргэд үнэн бодит мэдээлэл олж авах бөгөөд энэ нь эргээд тэднийг нийгэмд хөлөө олж, өөрийн эрх үүргийн талаар ойлголттой болоход нь тусалдаг. Энэхүү дамжааг хичээллүүлэх бас нэгэн зорилго нь шинээр ирэгсэдийг нийгэмд аль болох хамгийн ойр дөт замаар интеграцчилах зорилго агуулдагт оршино.

Шинээр ирэгсэдэд зориулсан энэхүү дасан зохицох интеграцчилалын дамжаа нь БНЧУ-ын олон хот тосгонд нээлттэй хэлбэрээр тогтмол хичээллэдэг. Төрийн бус болон шилжин суурьшигчдыг хариуцсан байгууллагууд, интеграцчилалын төвүүдийн хүсэлтээр уг дамжааг зохион байгуулдаг болно. Дээр нэр дурьдсан вэб хуудсаар орж дамжааны хөтөлбөрийг олж авахаас гадна онлайн бүртгүүлж, “ Чех улсад тавтай морилно уу” богино хэмжээний кино үзэх боломжтой.

Үүнээс гадна хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдэд зориулсан дамжаа зохион байгуулж байна. Тус дамжаанд их дээд сургууль болон хэлний бэлтгэлд сурч байгаа гадаад оюутнууд их хэмжээгээр хамрагддаг. Хөдөлмөр эрхлэгсэд болон оюутнуудад зориулсан дамжааг тэдний ажлын байранд нь явуулдаг.

Гадаадын иргэн чех хэл мэдэхгүй байх нь бүхнээс гадуур үлдэнэ гэсэн үг биш. Дамжаа чех хэл дээр явагдаж байгаа бөгөөд тусгайлан бэлтгэгдсэн орчуулагч нар англи, орос, украин, вьетнам, франц, монгол, араб, испани хэл рүү орчуулж байна. Дамжааг серб хэлээр явуулах ажил бэлтгэл шатанд явагдаж байна. Дамжааг орчуулах нь чех хэл дээр байгаа мэдээллийг шууд дамжуулахаас гадна гадаадын иргэн чухал нэр томьёог чехээр тогтоох боломж олгодог.

ДАМЖААНД ХАМРАГДСАНААР ЮУ МЭДЭЖ АВАХ ВЭ?

Уг дамжаанд хамрагдсанаар доор дурьдсан салбарт холбогдох мэдээллийг авна:

  • Чех Улсад шинээр ирж буй гадаадын иргэдэд зориулсан анхан шатны мэдээлэл. Интеграцчилалын төвүүд, төрийн бус, ашгийн бус байгууллагууд – төсвөөс санхүүжилтэй нийгэм, хууль эрх зүйн мэргэжлийн зөвлөгөөг гадаадын иргэдэд үнэ төлбөргүй үзүүлдэг
  • Гадаадын иргэдийн Чех Улсад оршин суухтай холбоотой эрх зүй. Виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн ялгаа. Чех Улсад оршин суух зорилго юу болох, зорилгоо хэрхэн биелүүлэх, өөрчлөх. Оршин суух зорилоо өөрчлөх, БНЧУ-д оршин суух эрхээ хэрхэн сунгуулах. Үнэн зөв, шуурхай мэдээлэл хаанаас олж болох вэ.
  • Боловсрол. Насанд хүрэгсэд болон хүүхдэд зориулсан төлбөртэй болон төлбөргүй дамжаанууд. Ямар тохиолдолд гадаадын иргэд ямар түвшний чех хэлний шалгалт өгөх шаардлагатай болдог вэ. Хүүхдийг чех сургуульд явуулах, хүүхдийн боловсролтой холбоотой эцэг, эхийн үүрэг хариуцлага. Өмнөх боловсролыг хүлээн зөвшөөрөх буюу боловсролын дипломыг дүйцүүлэн хүлээн зөвшөөрүүлэх тухай мэдээлэл.
  • Хөдөлмөр эрхлэлт. Гадаадын иргэн ЧУ-д хэдийд, ямар нөхцөлд ажиллах боломжтой вэ? Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг ямар тохиолдолд авах, ямар тохиолдолд авах шаардлагагүй байдаг вэ? Хөдөлмөрийн төрөл зүйл, ЧУ-д хөдөлмөр эрхлэгсэд хуулийн ямар зохицуулалтаар хамгаалагддаг вэ? Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл. ЧУ-д амьдарч ажиллаж буй гадаадын иргэн хууль тогтоомж зөрчилгүйгээр ажил хийж орлого олох ямар боломж байдаг вэ?
  • Чех Улс дахь өдөр тутмын амьдралын талаарх мэдээлэл, алдаа мадаг гаргахаас хэрхэн сэргийлэх вэ. БНЧУ-ын албан байгууллага, Дотоод хэргийн яаманд албан хэргээр хэрхэн хандах вэ? Насанд хүрэх, эрүүгийн хариуцлагын тухай. ЧУ-д амьдарч буй гадаадын иргэдийн байр, сууцтай холбоотой үүрэг.
  • Эрүүл мэндийн үйлчилгээ. Насанд хүрэгчдийн болох хүүхдийн эмчээ хэрхэн олох вэ. Гэнэтийн тохиолдолд эмнэлгийн туслалцаа хэрхэн авах вэ? 112 шуурхай утсаар ямар тохиолдолд хэрхэн дуудлага өгөх вэ?

Гадаадын иргэн нь эдгээр мэдээллийг авсны үндсэн дээр чехийн албан байгууллагаар явж ажил хөөцөлдөхөд дөхөм болдог. Хаягийн жагсаалтанд нэр нь дурьдагдсан интеграцчилалын төвүүд, төрийн бус байгууллагаас хуулийн болон нийгмийн асуудлаар үйлчилгээ авах тохиолдолд Танд дуртайяа туслах болно. Шаардлагатай мэдээллийг урьдчилан олж авснаар албан байгууллагуудын ачаалал хөнгөрөхөөс гадна шинээр шилжин суурьшигчдын нийгэмдээ дасан зохицох явцад ч эерэг нөлөө үзүүлдэг.

ЭНЭХҮҮ ДАМЖАА НЬ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

Энэхүү дасан зохицох, интеграцчилалын дамжаа нь Чех улсад амьдрахаар шилжин ирсэн Европын холбооны бус орны иргэдэд зориулагдсан болно. Уг дамжааны хөтөлбөрт багтсан мэдээлэл нь Чех улсад ирээд удаагүй байгаа шилжин суурьшигчдад эхний үед хөлөө олоход нь туслана гэдэгт эргэлзэхгүй байна.

ДАМЖААНЫ СУРГАЛТЫГ ХЭН ЗААДАГ ВЭ?

БНЧУ-д шилжин ирэгсэдтэй хамтран ажилладаг интеграцчилалын төвүүд (www.integracnicentra.cz) болон төрийн бус байгууллагын ажилтан, батламж бүхий сургагч багш нар хичээл заадаг болно.

ДАМЖАА ТӨЛБӨРТЭЙ ЭСЭХ?

“Чех улсад тавтай морилно уу” дасан зохицох интеграцчилалын дамжаа нь үнэ төлбөргүй.

ЦААШИД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ СУРГАЛТЫН МАТЕРИАЛ ДАМЖААНЫ ЯВЦАД ОЛДОХ УУ?

Энэхүү дамжаанд хамрагдсан хүн бүхэнд “Чех улсад тавтай морилно уу” товхимол тараан өгдөн бөгөөд уг товхимолд Чех улсад оршин суух талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, төрийн бус байгууллагууд болон интеграцчилалын төвүүдийн хаяг, утасны дугаар багтсан байдаг. Дамжааны явцад Чех орны нийгэм – соёлын харьцааг олон талаас нь харуулсан “Чех улсад тавтай морилно уу” богино хэмжээний кино гаргана.

ДАМЖАА ХЭДЭН ЦАГ ҮРГЭЛЖИЛДЭГ ВЭ? ЦАЙ ХӨНГӨН ЗУУШ ӨГӨХ ЭСЭХ?

Дотоод хэргийн яамнаас баталсан аргачлалын дагуу дамжаа 4 цаг үргэлжлэх бөгөөд богинохон завсарлагаатай. Завсарлагааны үеэр хөнгөн зууш өгнө.

ДАМЖААНЫ САНХҮҮЖИЛТ

„Чех улсад тавтай морилно уу” төсөл нь тал бүрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол үйл ажиллагаа нь гадаадын иргэдэд зориулсан дасан зохицох интеграцчилалын дамжааг зохион байгуулж, үүнийгээ веб хуудсаар сурталчлах явдал юм. Үүний зэрэгцээ дамжаанд ажиллаж байгаа сургагч багш, орчуулагч нарт зориулсан үзүүлэн сургалт зохион байгуулдаг. Та бүхэнд цаг тухай бүрд нь шинэ мэдээлэл хүргэх үүднээс вэб хуудсанд байрлуулсан мэдээллээ тогтмол шинэчлэн, орчуулан оруулж байна.

2020 онд БНЧУ-ын Дотоод хэргийн яамнаас санхүүжсэн “Чех улсад тавтай морилно уу 2020” төслийн хүрээнд ЧУ-д шинээр ирж байгаа 1000 гадаадын иргэнд зориулан нийт 75 дамжаа хичээллүүхээр бэлтгэж байна. Үүний сацуу “Чех улсад тавтай морилно уу” дамжааг чанарын өндөр түвшинд явуулах зорилгоор багш нарын чадварыг дээшлүүлж, орчуулагч нарыг шинээр нэмж бэлдэхээр төлөвлөж байна.

Slovo 21, z.s. төрийн бус байгууллага уг төслийг хэрэгжүүлж байгаа болно.