Оюунаа Прэсова, монгол хэлний хэлмэрч

Оюунаа Прэсова нь Ческа Липа-д амьдардаг, чех нөхөртэй. Чех, монгол хэлийг гаргууд сайн эзэмшсэний хүчээр шинээр ирэгсэдэд зориулсан интеграцчилалын дамжаанд хэлмэрч хийдгээс гадна Либэрэц аймгийн Интеграцчилалыг дэмжих төвийн ажилтан. Ческа Липа сумын Адиент компанид ажиллахаар шинээр ирж буй монголчуудад зориулсан  “Чех Улсад тавтай морилно уу” дасан зохицох интегрцчилалын дамжааг хэлмэрчилдэг юм. Сүүлийн хоёр, гурван жилийн дотор тус компанийн Ческа Липа дахь салбарт 400 монгол ажилчид ажиллаж бөгөөд мөн тооны ажилчид Страж над Ралскэм дахь салбарт ажиллаж байна. Шинээр ирж байгаа хүмүүсийн зонхилох хувийг сургуулиа төгсөөд ажил олж чадаагүй залуучууд эзэлдэг юм байна.

Шинээр ирж буй монголчуудад зориулан бэлтгэж буй “Чех Улсад тавтай морилно уу” дасан зохицох интеграцчилалын дамжааг Та юу гэж үзэж байна?

Дөнгөж ирээд байгаа хүмүүс энэ дамжаанд хамрагдсанаар хэрэгцээт мэдээллийг олж авдаг. Энэ нь ганцхан өдрийн дотор өөртөө хэрэгтэй асар их мэдээллийг нэг дор авч байна гэсэн үг л дээ. Хэдийгээр ирээд удаагүй хүмүүст  хэт их мэдээлэл нь зарим үед ахдах ч монгол хэл рүү хөрвүүлсэн “Чех Улсад тавтай морилно уу” товхимолын тусламжтайгаар ойлгох бүрэн боломжтой.

Хамгийн гол нь гадаадын иргэд албаны болон хувийн асуудлаар тусламж авах шаардлагатай болсон үедээ хаана хандах вэ гэдгээ мэддэг байх нь чухал юм. Манай Либэрэц аймгийн интеграцчилалын төвийн салбар Ческа Липа -д ажилладаг. Энэ нь шинээр ирж буй монголчуудад маш хэрэгтэй байдаг болохоор миний хувьд ч гэсэн үүнд талархалтай ханддаг. Уг төвийн ажилтнуудад итгэж болно гэдгийг манай эндхийн монголчууд аль хэдийн мэддэг болсон.

Шинээр ирж буй гадаадын иргэдэд ямар төрлийн мэдээлэл хамгийн чухал байдаг вэ?

Оршин суух эрх зүйн байдалтай холбоотой бүх мэдээлэл тухайлбал монголчуудад хамгийн их хамаатай удаан хугацааны виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн талаарх мэдээлэл чухал байдаг. Үүнээс гадна монгол ажилчид гэр бүл нэгтгэх асуудлыг түлхүү сонирхдог.  Учир нь ардаа гэр бүлийн гишүүн, бага насны хүүхдээ үлдээсэн байдаг болохоор тэднийгээ аль болох хурдан өөр дээрээ авчрахыг зорьдог. Гэхдээ зөвхөн хуулинд заасан тодорхой нөхцөл болзлыг биелүүлсэн тохиолдолд л авчрах боломжтой.

Хүүхдүүд нь чех сургуульд сурдаг болохоор монголчуудад  боловсролын салбарын талаарх мэдээлэл ч бас чухал. Сургуулийн насны хүүхдүүд сургуульд заавал сурах үүрэгтэй, хүүхдийнхээ гэрийн даалгавар болон бусад зүйлд эцэг эх нь туслах ёстой гэх мэт мэдээллийг байнга анхааруулж хэлдэг л дээ. Хүүхдүүд найз нөхдийнхөө орчинд чех хэлийг хурдан сурдаг байхад,  эцэг эхчүүдийн чех хэл сурах явц нэлээд удаан. Тийм болохоор тэдний хувьд сургууль, багштай харьцах үед зохих бэрхшээл учирдаг.

Ажил олгогчийн өнцгөөс дамжааг хэрхэн үнэлэх вэ?

Дамжааны явцад гадаадын иргэний – өөрөөр хэлбэл дамжаанд оролцогсодын эрх үүргээс гадна, ажил олгогчийн өмнө хүлээсэн тэдний эрх үүргийн талаар дэлгэрэнгүй ярилцдаг. Дамжааны сургагч багш нар ихэвчлэн нийгмийн ажилтан эсхүл хуульч мэргэжилтэй хүмүүс байдаг болохоор асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж БНЧУ-ын нийгмийн амьдарлын өргөн хүрээг хамарсан бодитой мэдээлэл өгдөг. БНЧУ-д үйлчилж буй хөдөлмөрийн эрх зүй, зан заншил, соёлын ялгааны талаар тайлбарлаж таниулдаг юм.