Шумран Хафоуд, дамжааны сургагч багш: Чех Улсын өдөр тутмын амьдарлын талаарх хүнд хэрэгтэй мэдээллийг нэг өдөрт олж авч байгаа нь үр өгөөжөө өгч байна гэсэн үг юм.

Дасан зохицох интеграцчилалын дамжааны сургагч багш Шумран Хафоуд нь өөрөө олон соёлт гэр бүлд өссөн болохоор шинээр ирж буй гадаадын иргэдийн хэрэгцээг сайтар ойлгоод зогсохгүй дамжааны сургагч багшаар идэвхи зүтгэлтэй ажилладаг нэгэн билээ. Тэрээр төрийн байгууллагын ажилтнуудад олон соёлт харьцааны талаар лекц уншиж, компанийн олон соёлт хамт олон хоорондоо ойлголцох тал дээр биечлэн тусалдаг юм. Ашгийн бус төрийн бус байгууллагад гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх ажлыг нэлээд хэдэн жил хийжээ.

Дасан зохицох интеграцчилалын дамжааны үр өгөөж нь чухам  юунд оршиж байна вэ?

Чех Улсын өдөр тутмын амьдарлын талаарх хүнд хэрэгтэй мэдээллийг нэг өдөрт олж авч байгаа нь үр өгөөжөө өгч байна гэсэн үг юм. Цаашилбал мэргэжлийн зөвлөгөө, үнэн зөв мэдээллийг цагт нь өгөх албан байгууллагуудын хаягийг авч байна. Дамжааны сургагч багшийн өгч байгаа мэдээллийг оролцогчид ихэд олзуурхан хүлээж авдаг. Оролцогчид дамжаанд үргэлжлүүлэн сууж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх нь ч тохиолддог.

Дамжаа Дотоод хэргийн яамнаас санхүүждэг ч ашгийн бус байгууллагаар дамжин хэрэгждэг. Тийм болохоор хамгийн түрүүнд оролцогчдод дамжааны санхүүжилт хаанаас гардаг, ямар учраас улс санхүүжүүлж байгаа талаар тайлбарлах нь зүйтэй болов уу. Гадаадын иргэд Дотоод хэргийн яамтай албан хэргээр харьцах тохиолдолд ашгийн бус байгууллагууд тэдэнд тусалдаг. Албаны хэргээр байгуулагуудтай  харьцах нь олон тохиолдолд чех иргэдэд ч хүндрэлтэй байдаг болохоор гадаадын иргэдэд ямар байх нь ойлгомжтой. Ашгийн бус байгууллагаас хуулийн болон нийгмийн асуудлаар зөвлөгөө өгөх, хүүхэддээ сургууль, цэцэрлэг олоход нь тусалдаг. Эдгээр байгууллагаас зохион явуулдаг чех хэлний дамжаа, соёлын арга хэмжээ ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал ийм арга хэмжээний үеэр  чех хүмүүстэй найз нөхдийн холбоо тогтоох, чех хэлээр ярилцах нь тэдэнд хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь дөхөм болдог.

Гадаадын иргэдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаанаас хэлэхгүй юу?

Оршин суух зөвшөөрөлтэй холбогдсон захиргааны үйл ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд ноцтой алдаа гаргах нь түгээмэл байдаг. Гадаадын иргэдийн дийлэнх нь захиргааны үйл ажиллагаа ямар ноцтой болохыг ойшоохгүй явсаар хүлээсэн үүргээ зөрчдөг. Жишээлбэл: бичиг баримтын хүчинтэй хугацааг хэтрүүлсэн тохиолдолд БНЧУ-д оршин суух эрхийг хүчингүй болгодог г.м. Дотоод хэргийн яаманд мэдүүлсэн гэрийн хаягаар захиргааны үйл ажиллагаатай холбоотой албан захидал ирдэг тул мэдүүлсэн хаягийн дагуу амьдрах ёстой. Шуудангийн хайрцган дээр нэрээ бичээгүйгээс албан захидал эзэндээ хүрэлгүй буцах зэргээс гадаадын иргэнд ноцтой үр дагавар учирдаг.

Оршин суух зөвшөөрөл нь оршин сууж буй зорилгыг хангах ёстой гэдгийг сайтар ойлгож, баримтлах үүрэгтэй. Оршин суух зорилгоос хамааран хүлээх эрх үүрэг ч өөр өөр байдаг. Байнга оршин суух зөвшөөрөлгүй л бол гадаадын иргэн нь оршин суух зорилгоо хангахгүйгээр ганц өдөр ч БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр орших эрхгүй. Сургуулиа төгссөний дараа оюутан ажилд орох эсвэл хувиараа бизнес эрхлэх тохиолдолд  энэ тухай асуудлаар Дотоод хэргийн яаманд хандаж оршин суух зорилгодоо нийцсэн зөвшөөрөл хүснэ.

Дасан зохицох интеграцчилалын дамжаанд сургагч багшаар ажиллах өөрт чинь ямар санагддаг вэ?

Дасан зохицох интеграцчилалын дамжаанд сургагч багшаар ажиллах нь надад сонирхолтой байдаг. Учир нь дамжаанд оролцогсодын юу хүсэж байгааг ойлгож, түүнд нь хариу үзүүлж чадаж байгаа эсэх нь намайг сорьдог гэхүү дээ. Дамжааны сургалт эрчтэй, оролцогсод идэвхтэй байхад би дуртай. Ингэж чадвал хамтдаа цагийг үр ашигтай өнгөрөөлөө гэж бодогддог. Мөн оролцогсодод ч манай дамжаа сонирхолтой байдаг байх гэж найдаж байна.