Катэрина Копэчна: Дамжааны сургалтын явцад гадаадын иргэдийн оршин суух эрх зүйн байдалтай холбоотой асуудлаар байнга гардаг асуудал дээр түлхүү анхаарч ажилладаг

Катэрина Копэчна нь хуульч мэргэжилтэй бөгөөд олон жил гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төвд ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Оюутнууд болон олон нийтэд зориулсан нээлттэй дамжаанд гадаадын иргэдийн оршин суух эрх зүйн байдлын талаар сургалт явуулдаг. Дамжааны сургалтын явцад гадаадын иргэдийн оршин суух эрх зүйн байдалтай холбоотой асуудлаар байнга гардаг асуудал дээр түлхүү анхаарч ажилладагаас гадна дамжаанд оролцогчид өөрсдөө бие даан мэдээлэл олж авах тал дээр ч анхаарлаа хандуулдаг. 

Олон нийтэд зориулсан дамжаанд оршин суух зөвшөөрөл нь янз янз байхаас гадна хэрэгцээ зорилго нь ч хоорондоо адилгүй хүмүүс ороллцдог болохоор ямар байдаг вэ?

“Чех Улсад тавтай морилно уу” дамжааны веб хуудас, Фасебүүкээр бүртгүүлсэн олон нийтэд зориулсан дамжаанд оролцогчдод сургалт явуулах нь нэлээд төвөгтэй байдаг л даа. Учир нь ийм дамжаанд оролцож байгаа хүмүүсийн оршин суух зорилго нь сургуульд сурах, хөдөлмөр эрхлэх, хувиараа бизнес эрхлэх, гэр бүл нэгтгэх гэх мэт өөр өөр байдаг. Дэлхийн олон орноос ирсэн эдгээр хүмүүс хоорондоо англи, орос, испани, франц хэлээр ойлголцдог. Гэтэл Чех Улсад ирсэн нөхцөл нь аль улсаас ирснээрээ хоорондоо ялгагдах жишээтэй. Тийм болохоор дамжааны эхний хэсэгт оролцож байгаа хүмүүсийнхээ талаар аль болох тодорхой мэдээлэл олж авахаас гадна тэдний мэдлэгийн төвшинг тогтоох нь чухал байдаг. Дамжааны сургалт цаашаа ямар байдлаар явагдах нь ч үүнтэй холбоотой байдаг.

Оршин суух эрх зүйн асуудалтай холбоотой ямар мэдээлэл дамжаанд оролцогчдод хамгийн чухал байдаг вэ?

Гадаадын иргэд нь оршин суух эрх зүйн талаар анхан шатны мэдээлэлгүй байгаагаас алдаа гаргаж асуудалд ордог. Тийм болохоор дамжааны сургалтын явцад чухал гэж үзсэн зүйлдээ түлхүү анхаарч оролцогчдод ойлгомжтой байгаа эсэхийг нь шалгадаг. Дотоод хэргийн яамны  www.mvcr.cz/cizinci веб хуудаснаас хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайхыг жишээ татаж үзүүлнэ. Миний өмнөө тавьдаг гол зорилго бол дамжаанд оролцогчдыг аль болохоор өөрсдөө бие дааж ажлаа хөөцөлдөж сургахад оршдог.

Дамжааны эхний хэсэгт оролцогчдоос  БНЧУ-д орж ирээд 3 хоногийн дотор Гадаадын иргэдийг хариуцсан цагдаагийн албанд бүртгүүлсэн эсэхийг асууж нягтална. Гадаадын иргэн бүр бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд гадаадын иргэний өмнөөс байрлуулж буй этгээд, оюутны хувьд оюутны дотуур байр бүртгүүлдэг.  Зарим гадаадын иргэд оршин суух зөвшөөрлөө өөрийн биеэр авахаар ирсэн байдаг тул ийм тохиолдолд Гадаадын иргэдийг хариуцсан цагдаагийн албанд бус Дотоод хэргийн яамны Орогнол, шилжин суурьшилтын бодлогын газарт (OAMP) бүртгүүлнэ.

Дамжаанд оролцогчдын авсан виз, оршин суух зөвшөөрлийн код нь ямар агуулгатай болохыг харилцан ярилцаж тайлбарладаг. Жишээ татахад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлөө авах зорилгоор  D/VR кодтой визээр БНЧУ-д орж ирсэн гадаадын иргэн нь Додоод хэргийн яамны Орогнол, шилжин суурьшилтын бодлогын газарт бүртгүүлнэ.  Дотоод хэргийн яамны веб хуудас эсхүл интернетээр “виз болон оршин суух зөвшөөрлийн код” гэж хайхад хэрэгтэй мэдээлэл шууд гарч ирдэг. Ийм маягаар анхан шатны ойлголттой болсон тохиолдолд Чех улсад оршин суух зөвшөөрлийн параметр ойлгомжтой болж ирдэг бөгөөд үүнтэй уялдан БНЧУ-ын нутагт эдлэх эрх үүрэг урган гардаг.

Чех улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн үндэс суурийг “оршин суух зорилго” хэмээх нэр томьёо тодорхойлдог. Дотоод яамнаас хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тодорхой зорилгоор БНЧУ-д оршин суух зөвшөөрөл олгодог. Гадаадын иргэн нь оршин суух зорилгоо хангаж байгаа гэдгээ зохих бичиг баримтаар нотлоно. Оюутан нь сургуулиас авсан тодорхойлолтоор, БНЧУ-д оршин суух гол зорилго нь хөдөлмөр эрхлэлт байх тохиолдолд ажил олгогчтой байгуулсан ажлын гэрээ байна.

Эдгээр нь мэдэж байвал зохих үндсэн мэдээлэл. Гэтэл бодит байдал дээр дамжаанд оролцогчдын дийлэнх нь өөрсдийнхөө авсан оршин суух зөвшөөрлийн кодны агуулгыг байтугай  албан ёсоор оршин сууж байгаа зорилгоо ч мэдэхгүй байх нь олонтоо тохиолддог.

Оршин суух тухай хууль нь өөрөө их нарийн ээдрээтэй сэдэв, дамжаанд оролцож байгаа хүмүүст ийм сэдвийг ойлгомжтой болгохын тулд ямар арга барилаар ажилладаг вэ?

Оршин суух хууль нь мэргэжлийн хуульчдад ч төвөгтэй байдаг болохоор манай улсад анх удаа ирж байгаа гадаадын иргэдэд ойлгомжгүй байх нь аргагүй юм даа. Тийм болохоор аль болох олон хүмүүсийн санал бодлыг сонсож харилцан ярилцахыг хичээдэг дээ.

Дамжаанд оролцож байгаа хүмүүсийн гадаад паспортонд наасан визний дардас эсхүл оршин суух зөвшөөрлийг нь үндэслэн тайлбарласнаар биеийн байцаалтаа байнга биедээ авч явах хамгийн наад захын үүргээ биелүүлж байгаа эсэхийг нь үүгээр далимдуулан шалгачих жишээтэй. Биеийн байцаалтгүй хүмүүс бол ер нь дамжаа бүрийд л таарна шүү. Мөн биеийн байцаалтынхаа хуулбарыг биедээ авч явж болох уу гэсэн асуулт үргэлж давтагддаг. Хуулбар биедээ авч явахыг зөвшөөрдөггүй, хэдийгээр би Чех улсын иргэн ч гэсэн иргэний үнэмлэхээ заавал биедээ авч явах нь миний үүрэг, тийм болохоор та нар ч бас биеийн байцаалтаа биедээ авч явах үүрэгтэй гэдгийг байнга сануулдаг. Гадаадын иргэн нь эрүүл мэндийн даатгалтай бол даатгуулагчийн үнэмлэхээ, арилжааны даатгалын шимтгэлээ өөрөө төлж байгаа тохиолдолд төлбөрийн тодорхойлолтоо заавал биедээ авч явна.

Сургалтын явцад дамжаанд оролцогчидтой харилцан ярилцахаас гадна өмнө нь үзсэн сэдвээ үндэслэн асуудлаа хэрхэн шийдэх хариултыг аль болох өөрсдөөр нь бодож олуулах, мөн хуулийн дагуу хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд өөрсдөө бие даан ямар тодорхой алхам хийж болох вэ гэдэг дээр хүмүүсийг өдөөж ажиллахыг хичээдэг.

Жишээ нь Дотоод хэргийн яамны “тус улсад оршин суух бодит зорилгоо хангах” хэмээх хуулийн ойлголтыг дамжаанд оролцогчдын өөрсдийнх нь нөхцөл байдал дээр энгийн үгээр тайлбарладаг.

Үүний зэрэгцээ хуулийн зөвлөгөө үзүүлдэг туршлагаасаа хуваалцах нь ч бий. “ОАМП”, Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн алба гэсэн хоёр байгууллагыг хооронд нь ялгаж ойлгоогүйгээсээ болоод асуудалд орж байсан гадаадын иргэдтэй таарч байсан. Ер нь гадаадын иргэд эдгээр байгууллагыг одоо ч хооронд нь ялгаж сураагүй, нийтэд нь Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн алба гэж нэрлэсээр буй. Энэ нь үнэхээр гадаадын иргэд өмнө нь бүх асуудлаар Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн албанд ханддаг байснаас үүдэлтэй. Одоо гадаадын иргэдтэй холбоотой ихэнх асуудлыг  “ОАМП”-д шийддэг болоод олон жил өнгөрч байна. Харамсалтай нь гадаадын иргэд байгууллагын нэрийг зөв нэрлэж хэвшээгүй л байна. Гадаадын иргэн нь хүсэлтээ “ОАМП”-д хандан явуулахын оронд Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн албанд явуулснаас үүдэн хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй байдал үүсдэг. Үүнээс улбаалан хурамхан хугацаанд асуудал хүндэрдэг тул зөв албан газарт хандах нь маш чухал.

Их л  нарийн төвөгтэй юм байна гэж бодогдлоо, тэгэхээр шинээр ирж байгаа хүмүүст бол бүр ч хэцүү байх. БНЧУ-д амьдраад удаж байгаа гадаадын иргэдэд анхааруулан хэлэх зүйл юу байж болох вэ?

Хэцүү юм шиг санагдаж байгаа байх л даа, гэтэл үнэн хэрэгтээ хамгийн чухал гэгддэг 10 ЗҮЙЛИЙГ тогтоогоод авахад л болно. Хэрвээ хэн нэгэн дасан зохицох интеграцчилалын дамжаанд суугаад хэрэгтэй мэдээллээ сайтар тэмдэглээд авах юм бол ойрын хэдэн жилдээ БНЧУ-д оршин суухтай холбоотой мэдээллээ олоод авчихаж байгаа юм.

Гадаадын иргэн нь БНЧУ-д амьдраад удаж байгаа дээрээс нь оршин суух зөвшөөрлөө сунгуулах хүсэлтэй тохиолдолд хэд хэдэн болзлыг биелүүлэх шаардлагатай. Ямар ямар болзол байдаг талаар бид дамжааны сургалтын явцад нухацтай давтан үздэг. Жишээлбэл 90 хоногоос дээш хугацааны визнээс удаан хугацааны оршин суух зөвшөөрөлд шилжиж байгаа тохиолдолд оршин суух зорилгоо өөрчилж болохгүй гэх мэт. Гадаадын иргэн нь оршин суух зорилгоо  өөрчлөхгүй үүргээ заавал биелүүлнэ. Удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлөө авсны дараа л заасан болзлын дагуу оршин суух зорилгоо өөрчлөх боломжтой.

Заасан хугацааны дагуу оршин суух зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ гаргах нь маш чухал. Чех улс заасан хугацааг баримтлахыг хатуу шаарддаг учир  үүнийг зайлшгүй биелүүлэх үүрэгтэй!

Оршин суух зөвшөөрөл буюу биеийн давхцахгүй өгөгдөл бүхий цахим үнэмлэхний өгөгдөл хуучраагүй байх ёстой. Ямар нэгэн өөрчлөлт орох бүрийд  Дотоод хэргийн яамны “ОАМП”-д мэдэгдэх үүрэгтэй. Ихэвчлэн оршин суух хаяг өөрчлөгдөх, гадаад паспортны өгөгдөл өөрчлөгдөх, гэрлэх, эмэгтэйчүүдийн хувьд БНЧУ-д гэрлэсэн тохиолдолд овог өөрчлөгддөг гэх мэт.

Дасан зохицох интеграцчилалын дамжаанд сургагч багшаар ажиллах өөрт чинь ямар санагддаг бодлоосоо хуваалцахгүй юу?

Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд хичээл заахдаа би дуртай. Хэдийгээр дамжааны сургагч багшаар ажиллаад нэлээд хэдэн жил болж байгаа ч өөрийнхөө зүгээс илүү сайжруулж болох шинэ зүйл, сорилттой байнга тулгарч байдаг гэхэд хилсдэхгүй байх. Зохион байгуулж байгаа дамжаа бүр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, сонирхолтой байдаг болохоор энэ нь надад урам зориг өгдөг. Тийм болохоор ч тэрүү дараа дараагийн дамжаанд ямар хүмүүс оролцох бол, тэдэнтэй уулзаж ярилцана гэж бодохоор надад таатай санагддаг юм.