Монгол хэл

Чех Улсад тавтай морилно уу? Та бүхэнд танилцуулж байгаа энэхүү дамжаа нь 2013 оноос эхлэн БНЧУ-ын Дотоод хэргийн яамны ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирээд удаагүй байгаа гадаадын иргэдийг шинэ газарт хөлөө олж амьдрахад нь туслах зорилго агуулдаг юм.

Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд сууснаар та эдлэх эрх үүргийнхээ талаар анхан шатны ойлголттой болохоос гадна шинэ газарт аль болох богино хугацаанд хөлөө олж амьдрахад тань туслах давуу талтай. Дамжааны ерөнхий сэдэв нь  гадаадын иргэдийн Чех Улсад оршин суух, хөдөлмөр эрхлэх, сургуульд сурах, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хангамж, байр сууц гэх мэт өдөр тутмын амьдралын асуудлыг багтаадаг.

 

Цаашилбал дамжаанд хамрагдсанаар чех үндэстний үнэт зүйл, түүх соёлтой танилцахаас гадна гадаадын иргэдэд зориулсан хэлний дамжаа хичээлүүлж, үнэ төлбөргүй зөвлөх болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвүүд (“интеграцчилалын төв” гэж товчилдог), төрийн бус байгууллагуудын талаар мэдээлэл авна. Эдгээр интеграцчилалын төвүүд, ТББ-ын талаар мэдээлэлтэй болох нь ирээдүйд тулгарч болох ямарваа нэг асуудлаа  шийдэхэд тань тусалж, дэмжих сайн талтай.  

 

Дамжааг туршлагатай багш чех хэлээр явуулж, англи, орос, украин, испани, франц, серб, монгол, араб, вьетнам гэсэн 9 хэл рүү хэлмэрчилдэг.

 

Дасан зохицох, интеграцчилалын дамжаа дөрвөн цаг үргэлжлэх ба олон нийтэд зориулсан дамжааны төлбөр 1 500 чех крон.

 

Оршин суух зөвшөөрөл нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон гуравдагч орны иргэд буюу зорилтот бүлгийнхэн дасан зохицох, интеграцчилалын дамжаанд заавал хамрагдана. Дамжаанд хамрагдах үүрэгтэй болон хуульд зааснаар энэхүү үүргээс чөлөөлөгдсөн хүмүүсийн жагсаалтыг Дотоод хэргийн яамны цахим хуудаснаас үзнэ үү.

 

Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд суух үүрэгтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн дотор хүлээсэн үүргээ биелүүлнэ. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд 10 000 хүртэл чех кроны торгууль ногдуулна.

 

Дасан зохицох, интеграцчилалын дамжааг зөвхөн Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвөөс зохион байгуулж, хариуцан явуулна. Чех Улсын хэмжээнд 18 интеграцчилалын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас та дуртайгаа сонгон суух боломжтой.  

 

Интеграцчилалын төвийн байранд зохион байгуулж байгаа (олон нийтэд зориулсан дамжаа), эсвэл ажил олгогчоос интеграцчилалын төвтэй хамтран зохион байгуулж байгаа дамжаанд (хаалттай дамжаа) сууна. Аль ч тохиолдолд дамжаа агуулга, хэлбэрийн хувьд адил байдаг.

 

Vítejte v České republice буюу Чех Улсад тавтай морилно уу цахим хуудаснаас дамжааны агуулга, гадаадын иргэн дамжаанд суух үүрэг хүлээж байгаа эсэх, хэрхэн бүртгүүлэх, хэрхэн төлбөр төлөх зэрэг мэдээллийг олж авна. Татаж авах хэсгээс бүх мэдээллийг чөлөөтэй татаж авч болно, Шинэ мэдээ хэсгээс дамжааны талаар бичсэн өгүүлэл, багш, орчуулагч, дамжаанд оролцогчидтой хийсэн ярилцага зэрэг сонирхол татсан зүйл унших боломжтой.  

 

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.