Монгол хэл

Бланка Восецка Весела нь дасан зохицох, интеграцчилалын дамжаанд аргазүйчээр ажиллаж байгаагийн хувьд дамжааны агуулга, багш бэлдэх ажлыг хариуцдаг. Тэрээр ярилцлагадаа дамжаа хэрхэн үүсэж бий болсон, дамжаа ямар агуулгатай байх, мөн дамжааны ач холбогдлын талаар ийнхүү өгүүлж байна.

Дасан зохицох, интеграцчилалын дамжааны агуулга юу вэ?

Дасан зохицох, интеграцчилалын буюу бидний нэрлэдгээр “угтах” дамжааны оролцогчдод Чех Улсад ирэхээс нь өмнө болон Чех Улсад ирээд оршин сууж байгаа хугацаандаа гадаадын иргэдийн эдлэх үндсэн эрх үүргийг нь танилцуулдаг. Дамжаа хэд хэдэн сэдэв багтаадаг ч гадаадын иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болох оршин суух эрхтэй холбоотой мэдээллийг аль болох түлхүү оруулах шаардлагатай болсон гэдэг нь бодит амьдралаас харагдаж байна л даа. Оршин суух зөвшөөрлөөс гадна хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, байр орон сууц, өдөр тутмын амьдралд тохиолдож болох асуудлын талаар мэдээлэл өдөг.  

Дамжаа хичээллүүлэх тухай санаа ер нь анх хаана  үүссэн, бэлтгэл ажилд хэр их цэг орсон бэ?

Чех Улсад тавтай морилно уу  дамжааг анх 2013 онд “Слово 21” төрийн бус байгууллага БНЧУ-ын Дотоод хэргийн яамтай хамтран явуулж эхэлсэн юм. Дамжаа өнөөдрийг хүртэл үнэ төлбөргүй, гадаадын иргэд сайн дурын үндсэн дээр оролцдог байсан нь ерөнхийдөө хүмүүс дамжааг хэрхэн хүлээж авч байгаа, үр өгөөжөө өгч байгаа эсэхийг тандах зорилготой байсан гэж хэлж болно. Дамжаанд оролцогчдын санал сэтгэгдэл дээр үндэслэн дамжааны агуулгыг сайжруулж, үр өгөөжийг дээшлүүлэх зорилго маань бага боловч урагшилсан гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар авч үзэхэд зөвхөн манай байгууллага л Чех Улсын хэмжээнд энэ чиглэлээр дамжаа зохион байгуулж байна. 2021.01.01-нээс эхлэн гадаадын иргэд  уг дамжаанд заавал хамрагдах үүргийг хуулиар хүлээж байгаа бөгөөд энэ утгаараа БНЧУ-ын Дотоод хэргийн яамны ивээл дор зохион байгуулагдаж буй цорын ганц албан ёсны дамжаа болж байгаа юм. Харин дамжаа зохион байгуулж явуулах ажлыг Чех Улсын аймаг бүрт ажиллаж байгаа интеграцчилалын төвүүд хариуцаж өөрсдийн байранд явуулах болж байна. Дамжааны агуулга, хэлбэр гэх мэт аргачлалын асуудлыг манай байгууллага цаашид хариуцан ажиллана.   

Дамжаа зохион байгуулах санаагаа анх хаанаас олсон бэ?

Гадаадын иргэдийн шилжин суурьших, интеграцчилах талаар олон жил үйл ажиллагаа явуулж байгаа баруун  Европын орнуудаас санаа авсан. Мөн энэ хугацаанд бидэнтэй санаа бодлоо хуваалцаж байсан зарим гадаадын иргэдийн тус нэмэр их байсныг хэлүүштэй. Бас манай “Слово 21” ТББ-д ажилладаг зарим гадаадын ажилтнуудын өөрсдийнх нь анх харь оронд хэрхэн хөлөө олж байсан туршлага нь бидний санааг улам баяжуулж, дамжааны одоогийн хэлбэрийг олоход ихээхэн тусалсан гэж боддог.

Дамжааны багш, лектор болон дамжаа ямар хэлээр явагддаг талаар ярихгүй юү?

Дамжааг багш чех хэл дээр явуулж, хэлмэрч англи, франц, испани, орос, украин, вьетнам, монгол, араб, сүүлд шинээр нэмэгдсэн серб зэрэг есөн хэлний аль нэг рүү хэлмэрчилнэ.  Багш, хэлмэрчид “Слово 21” ТББ-аас явуулдаг сургалтад хамрагддаг бөгөөд энэ сургалтын босго нэлээд өндөр. Дотоод хэргийн яам, интеграцчилалын төв, “Слово 21”, орчуулга зүйн мэргэжилтнээс бүрдсэн комисс шалгалт авдаг.

Дамжаанд хаана, хэрхэн бүртгүүлэх вэ? Дамжаа ямар төлбөртэй вэ?

Дамжаанд оролцохын тулд зөвхөн Дотоод хэргийн яамны https://frs.gov.cz/ албан ёсны портал сайтад бүртгүүлж, төлбөр төлж, дамжааг сонгоно. Хүссэн хүн бүр чөлөөтэй хамрагдах боломжтой олон нийтэд зориулсан дамжааны төлбөр 1 500 крон.  Харин томоохон ажил олгогчид интеграцчилалын төвтэй тохиролцсоны үндсэн дээр албан ёсны дамжааг ажилтнууддаа зориулан өөрийн байранд явуулж болох бөгөөд ийм тохиолдолд төлбөр арай бага буюу нэг хүний 800 крон болно.

Янз бүрийн цахим хуудаснаас олж болох мэдээлэлтэй танай дамжааны мэдээллийг харьцуулахад давуу тал нь юунд оршиж байна вэ?

Дамжаанаас өгч байгаа мэдээлэл ямагт үнэн зөв, тодорхой, шинэ байдаг. Сургалтад хамраж, зохих туршлагатай болсон хүмүүс багшилдаг тул хуульд гарсан ямарваа нэгэн өөрчлөлт, шинэчлэлийн мэдээллийг тухай бүр цаг алдалгүй авах, бусдад буруу, бүрэн бус мэдээлэл өгөхгүй байх нь тэдний ажлын үндсэн үүрэг юм. Үүнээс гадна дамжаанд оролцогчдод тулгарсан асуудлаа шийдэхэд хаана, ямар байгууллагад хандаж, үнэ төлбөргүй туслалцаа авч болох тал дээр зөвлөгөө өгдөг. Учир нь зарим тохиолдолд гадаадын иргэд өндөр үнээр чанаргүй үйлчилгээ авч байгааг мэдэж байгаа болохоор мэргэжлийн түвшинд, чанартай, үнэ төлбөргүй туслалцаа үзүүлдэг байгууллага байдгийг хэлж ойлгуулахыг хичээдэг юм. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд  зарим хүмүүс хэрэгтэй мэдээллээ найз нөхөд, танил талаасаа авдаг, гэтэл энэ хоорронд хуульд өөрчлөлт орж, асуудлаа арай өөр замаар шийдэх шаардлагатай болсноо ихэвчлэн мэддэггүй.  Тийм болохоор гадаадын иргэдэд өгч байгаа мэдээлэл шинэ, үнэн зөв байдагт дасан зохицох, интеграцчилалын дамжааны давуу тал оршино гэж бодож байна. Үнэн зөв, шинэ мэдээлэл авснаар гадаадын иргэд дамжааны төлбөрөөс хэд дахин илүү мөнгө хэмнэж, элдэв зүйлд санаа зоволгүй амар байж болно.

Чех Улсад тавтай морилно уу! дамжаа олон хүний нөр хөдөлмөр, хүчин чармайлтаас бүтсэн билээ. Энэхүү дамжаа та бүхэнд таалагдаж, үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна.  

 

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.